Монголын орд хөрөнгийн зах дээр
  • Mongolian Mining Corporation
    Өмнөговь аймгийн Тавантолгой дахь Ухаахудагийн нүүрсний ордыг эзэмшигч “Энержи Ресурс” компани нь өнгөрсөн онд Хонконгийн хөрөнгийн бирж дээр Mongolian Mining Corporation (HKG:0975) нэрээр амжилттай IPO хийсэн. Монголын анхны хувийн компани олон улсын бирж дээр хувьцаагаа гаргасан гэдгээр анхаарлын төвд байгаа компани. Гол хувь нийлүүлэгчид нь Монголын компаниуд байдаг. Тухайлбал “Эм Си Эс Майнинг групп” тус компанийн 44 хувийг эзэмшдэг бол “Петровис”, “Шунхлай групп”, Европын сэргээн босголт хөгжлийн банк мөн томоохон хувийг эзэмшдэг байна. Ухаахудагийн орд нь нийт ЖОРК стандартын шаардлагыг хангасан 499.9 сая тонн хэмжигдсэн ба тогтоогдсон нөөцтэй. Өнгөрсөн онд 3 сая гаруй тонн нүүрс олборлосон бол энэ жил 7 сая тонн, 2013 он гэхэд 14 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн. Энэ жилийн хоёрдугаар хагасаас нүүрс угаах шинэ үйлдвэрийнхээ эхний модулыг ашиглалтад оруулах ба жилд 5 сая тонныг боловсруулах хүчин чадалтай юм. 2012 оны эцэс гэхэд 2,3 дугаар хэсгийг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн авто зам тавих, цахилгаан станц барих ажлаа хэдийнэ эхэлчихсэн. IPO хийснээсээ хойш компанийн хувьцааны ханш тогттвортой байгаа бөгөөд MICC хөрөнгө оруулалтын банкны мэргэжилтнүүд хувьцааны ханшийг 13 хонконг доллар хүртэл өсөх боломжтой хэмээн дүгнэсэн байна. Дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар компанийн нэгж хувьцааны үнэ 10.06 хонконг доллар, зах зээлийн үнэлгээ нь 37.35 тэрбум хонконг доллар байна. Компанийн удирдлагад дан монгол захирлууд ажилладаг. ММС-ийн хувьцааны үнийн мэдээллийг эндээс үзнэ үү.
  • Prophecy Resource
    “Prophecy Resource” корпораци нь (TSX-V: PCY, OTC-QX: PRPCF, Frankfurt: 1P2 ) Канадын Ванкуверт төвтэй компани бөгөөд хэд хэдэн биржид давхар бүртгэлтэй байдаг. Тус компани Булганд 209 сая тонн баялагтай “Улаан-Овоо”, Хэнтийд 1.42 тэрбум тонн нөөцтэй “Чандгана” нүүрсний төслийг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-нд ашиглалтад орсон “Улаан Овоо” төсөл нь Оросын хилээс 10 км-ийн зайд оршдог тул Монголын JUST Group тус корпорацитай уг ордоос жилд доод тал нь 1.2 сая тонн бүтээгдэхүүн худалдаж авч байхаар гэрээ байгуулжээ. Энэ жил “Улаан-Овоо” төслийн ордоос 520 мянган тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ. Үүнээс гадна “Чандгана” нүүрсний төслийнхөө дэргэд 600 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих байгаль орчны үнэлгээг холбогдох яаманд хүргүүлэн батлуулжээ. Эрчим хүчний нүүрс олборлогч “Prophecy Resource” компани энэхүү дулааны цахилгаан станцынхаа техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулан, ирэх сард нийтэд танилцуулахаар төлөвлөж байгаа юм. Тус компани сарын өмнөхөн Канад дахь “Raven” коксжих нүүрсний төсөл эзэмшдэг “Compliance Energy” корпорацийн хувьцааны 8 хувийг эзэмших болсноо зарласан юм. Одоогоор тус компанийн хувьцааны ханш 0.91 доллар, зах зээлийн үнэлгээ нь 185 сая долларт хүрээд байна. “Prophecy Resource”-ын хувьцааг эндээс орж үзнэ үү.
  • Айвенхоу майнз
    Канадын “Айвенхоу майнз” компани нь (TSE:IVN, NYSE:IVN ) Торонто, Нью-Йорк, Nasdaq биржид бүртгэлтэй. Тус компанийг олон улсад гаргаж ирсэн төсөл нь Монголын Оюутолгойн алт, зэсийн орд гэдгийг бид сайн мэднэ. Монголд байгуулсан охин компани “Айвенхоу Майнз Монголиа”-гаар дамжуулан Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшдэг. “Ivanhoe Mines” нь Монголд мөн Овооттолгойн нүүрсний ордыг эзэмшдэг “SouthGobi Resources”-ын хувьцааны 57 хувийг эзэмшдэг байна. Үүнээс гадна Австралийн Queensland мужид “Cloncurry” зэсийн төсөл хэрэгжүүлж буй “Ivanhoe Australia” компанийн 62 хувийг, Казакстан дахь дэлхийд нөөцөөрөө томд тооцогдож буй алтны “Kyzyl” төслийн 50 хувийг эзэмшдэг аж. Түүнчлэн “Айвенхоу Майнз”, “BHP Billiton”-тай хамтран Оюутолгойгоос хойш 10 километрт орших газарт зэс, алт, молибдений шинэ орд нээсэн гэдгээ саяхан зарлаад байгаа. Харин Оюутолгой төслийн эхний үе шатыг 2012 оны наймдугаар сараас эхлүүлэхээр тус компани төлөвлөж байна. Төсөл ашиглалтад орсон эхний 10 жилд жил бүр дунджаар 1.2 тэрбум фунт зэс, 650 мянган унц алт олборлох юм. Төсөл эхэлсэн долоо дахь жилд олборлолтын бүтээмж оргилдоо хүрч, 1.7 тэрбум фунт зэс, 1.1 сая унц алт жилд олборлоно гэж тооцоолжээ. Зах зээлийн үнэлгээгээ 17 тэрбум долларт хүргээд буй “Ivanhoe Mines”-ын хувьцааны үнэ дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар Торонтогийн бирж дээр 25.75 канал доллар байсан бол Нью-Йоркийн биржид 26.71 ам.доллар байв. “Ivanhoe Mines” компанийн хувьцааны ханшийг эндээс орж үзнэ үү.
  • Петро Матад Лимитед
    Petro Matad Limited (LON:MATD) компани нь Лондонгийн хөрөнгийн биржийн AIM board дээр бүртгэлтэй, Монголд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулдаг компани юм. Нийт 71 мянган км квадрат нутгийг хамарсан IV, V, XX талбайд хайгуулын лиценз эзэмшдэг. 2008 оны тавдугаар сарын нэгэнд Лондонгийн хөрөнгийн биржид бүртгүүлснээр олон улсын бирж дээр хувьцаагаа борлуулж эхэлсэн. Монголын хөрөнгө оруулалттай анхны компани болсон. Тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь Монголын “Петровис” компани юм. Дөрөвдүгээр сарын 4-нд компанийн нийт хувьцааны 3-аас дээш хувийг эзэмшигчдээ нийтэд зарласнаас харахад Монголын “Петровис” компани 36.684.262 ширхэг хувьцаа буюу 20.01 хувийг, Европын сэргээн босголт хөгжлийн банк 31.741.110 ширхэг буюу 17.32 хувийг, Forestberries LLC 11.000.000 ширхэг буюу 6.00 хувийг, GLG Partners LP 10.853.132 ширхэг буюу 5.92 хувийг, иргэн Ж.Оюунгэрэл 6.460.000 ширхэг буюу 3.52 хувийг тус тус эзэмшдэг байна. Хувьцааны анхны нэрлэсэн үнэ нь 36.1 пенс буюу 0.36 фунт байсан бол 2010 оны долдугаар сард Давсан толгойн талбайд хийсэн өрөмдлөгөөр газрын тосны илэрцтэй гэсэн мэдээ гарсан нь компанийн хувьцааны ханшийг огцом өсгөсөн. Мөн оны есдүгээр сард нэгж хувьцааных нь үнэ 1.86 фунтэд хүрч байв. Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сард нарийвчилсан судалгааны үр дүнд нөөцийн хэмжээгээ ихэсгэсэн мэдээ гаргалаа. Тус компани 275 сая баррель батлагдсан нөөц мөн 211 сая баррель боломжит нөөц шинээр тогтоожээ. Үүний дараа хувьцааных нь ханш өсч, түүхэн дэх хамгийн өндөр ханш буюу 2.12 фунтэд хүрсэн байна. Гуравдугаар сард хувьцааны үнэ нь 43 хувиар өсчээ. Дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар компанийн нэгж хувьцааны үнэ 2 фунт, зах зээлийн үнэлгээ нь 366.51 сая фунт байна. “Петро Матад Лимитед” компанийн удирдлагад Ж.Оюунгэрэл тэргүүтэй гурван монгол хүн ажилладаг. Компанийн хувьцааны үнийн талаарх мэдээллийг эндээс үзнэ үү.
  • Хүннү коал
    “Хүннү коал” (ASX:HUN) нь 2010 оны хоёрдугаар сарын 12-нд Австралийн бирж дээр бүртгэгдсэн бөгөөд IPO нь Австралийн хөрөнгийн биржийн оны шилдэг IPO-гоор шалгарсан компани юм. “Хүннү коал” нь Монгол дахь үйл ажиллагаагаа өөрийн оxин компани “Хүннү ресурс”-ээр дамжуулан явуулдаг. “Хүннү коал” нь коксжих ба эрчим хүчний нүүрсний 10 гаруй төсөлтэй. Нийтдээ JORC стандартын шаардлагыг хангасан 414 гаруй сая тонн нөөц баялаг тогтоогоод байгаа. Уг компанийн хоёр гол төсөл болох Цант-Уул 90 сая, Үнст худаг 324 сая тоннын нөөц баялагтай. Цаашдын хайгуул ба өрөмдлөгийн ажлын явцад энэхүү нөөцийн хэмжээг өсөх бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм. Цант-Уул коксжих нүүрсний ордоосоо 2011 оны хоёрдугаар хагасаас нүүрс олборлож эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. “Хүннү коал” нь 2010 оны хоёрдугаар сард IPO хийснээр A$20 сая доллар босгожээ. IPO хийснээс хойш хувьцааны нэгж үнэ 580 хувиар өсөөд байна. 2011 оны гуравдугаар сарын 9-нд Азийн томоохон эрчим хүчний компани болох Тайландын “Банпу минералс” компани “Хүннү коал”-ын 30 сая ширхэг хувьцааг А$1.50 буюу нийт А$45 сая доллараар худалдан авсан. Ингэснээр “Банпу минералс” нь “Хүннү коал” компанийн нийт хувьцааны 12.4 хувь буюу хамгийн том хувьцаа эзэмшигч болж байна. Дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар нэгж хувьцааных нь үнэ 1.67 австрали доллар, зах зээлийн үнэлгээ нь 954.98 сая австрали доллар байна. Компанийн ТУЗ-ийн даргаар Matthew Wood, гүйцэтгэх захирлаар нь Т.Лхагвадорж ажилладаг. “Хүннү коал” компанийн хувьцааны талаарх мэдээллийг эндээс үзнэ үү.
1  |  2






Төгрөг валютын харьцаа
Валют Төгрөг
валюттай
Валют
төгрөгтэй
Өөрч-
лөлт
    USD 1779.92 0.0006   -
    CNY 286.15 0.0035   -
    RUB 49.54 0.0202   -
    EUR 2463.68 0.0004   -
    JPY 17.44 0.0573   -
Хөрвүүлэгч
Валютын хэмжээ:
Валютын нэгжээс:
Валютын нэгж рүү: