|
Эдийн засгийн өсөлт, бодит секторын бодлогын дэд зөвлөлийн хуралдаан болов
Хуралдаанд Үндэсний статистикийн хорооны хэлтсийн дарга Э.Эрдэнэсан “Монгол Улсын эдийн засгийн өсөлт, бодит секторын 2011 оны болон 2012 оны эхний гурван сарын гүйцэтгэл”, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга Г.Батхүрэл “Монгол Улсын 2012-2016 оны макро эдийн засгийн чиг хандлага”, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Б.Сувд “Хэрэглэгчийн итгэлийн индекс”, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж “Үгсэн хуйвалдаж үнэ хөөрөгдөхийн эсрэг арга хэмжээ” сэдвээр илтгэл тавив. Илтгэгчид “Эдийн засгийн өсөлт бодит биш байна. Өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь нүүрс олборлолт, худалдаа, импорт байна. Энэ нь ойрын хугацаанд ч үргэлжилнэ. Тухайлбал нүүрс олборлолт 65 сая тонн, алтных 45 тоннд хүрэх бөгөөд эдийн засгийн жилийн дундаж өсөлт 14 хувь байхаар байна. 2013 онд ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 5000 доллар, 2015 онд 8000 доллар болох төлөвтэй. Инфляци нэмэгдэнэ. Дэлхийн эдийн засаг ч эрсдэлтэй байх бололтой. Эрсдэлүүд нь орлогын ялгаа ихсэх, төсвийн тэнцлийн зохистой хэмжээ алдагдах, байгалийн хийн алдагдал, цахим ертөнц дэх халдлага нэмэгдэх, усны нийлүүлэлт хомсдохтой холбоотой байх аж. Манай эдийн засаг дээр дурдсанчлан эрсдэлтэй, хэврэг байх тул түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай. Гол нь үйлдвэржүүлэх, эдийн засгаа олон тулгууртай болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх алхам хийх хэрэгтэй. Монголд /хүн бүрт/ хүртээмжтэй өсөлт бий болохгүй байна. Эдийн засгийн төв байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа муу байна. Статистик тоо баримт гэхэд л байгууллага бүрт өөр байна. Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаагаар улаанбаатарчууд “Инфляци өснө, ядуурал, ажилгүйдэл буурна, бэлэнчлэх сэтгэлгээг дэмжихгүй, эдийн засаг хэт халж болзошгүй” гэж дүгнэсэн байна. Үнэ хөөрөгдөлт, үгсэн хуйвалдах явдал үе үе гарч байгаа ч хууль хэрэгжихгүй байна. Хууль тунхагийн шинжтэйгээс хэрэгжихгүй байна. Иймээс хариуцлага тооцох, орлогыг хураах, хохирлын хэмжээгээр торгууль тавих гэх мэтээр тодорхой хэрэгжих механизм бүхий заалттай хуулийн төсөл санаачлах хэрэгтэй. Одоогийн Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн нэрийг нь хүртэл өөрчилмөөр байна. Өрсөлдөөнийг хориглох гэсэн ойлголт байж болохгүй. Харин өрсөлдөхдөө хууль бус арга хэрэглэсэн байвал түүнийг нь хориглож болно” гэхчлэн ярьж байв. |
|||||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||||||
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна..
дэмж байна.
amaa