Төмсний үнэ "сагсуурахаа" болино

Өнөөдөр сонин

2007-08-27 12:22 GMT+8

Нийслэлчүүдийн хувьд эх орныхоо хөрснөө ургасан төмс, хүнсний ногоо худалдан авч буйдаа сэтгэл хангалуун, эргэлзээ тээнгэлзээгүй байх үе тун цөөн. Улаанбаатар хотын Ялалтын талбайд уламжлал болон зохиогддог “Алтан намар” нэртэй ургацын баярын үеэр ногоо худалдан авахдаа л эх орны хөрснийх гэдэгт эргэлздэггүй байж болох юм.

Сүүлийн ганц, хоёр жилийг эс тооцвол дээрх арга хэмжээний үеэр ч урд хөршөөс ногоо зөөдөг ченжүүд шургалж борлуулалт хийдэг байсан. Харин сүүлийн хоёр, гурван жилд дотоодын төмс, ногоо тариалагчдын тоо нэмэгдэж, бүтээгдэхүүн ч чанаржиж, уг арга хэмжээг зохион байгуулагчид хяналтаа чангатгаснаар харин зуун хувь Монголын хүнсний ногоог  боломжийн үнээр худалдаалдаг болсон.

Монгол Улс төмсний хэрэгцээгээ бараг зуун хувь дотооддоо хангах боломж бүрдсэн тухай Хүнс, хөдөө аж ахуйн яамныхан жилийн өмнө дуулгасан. Албаныхны өгүүлсэн дээрх таатай мэдээг хэрэглэгчид “Овоо шүү дээ нэг ч гэсэн хүнснийхээ хэрэгцээг  дотооддоо хангах боломжтой болдог” хэмээн  олзуурхан хүлээж авснаас цаашгүй.

Нийслэлчүүд өнөөдөр томоохон зах болон дэлгүүрүүдээс хүнсээ базаахдаа “Аль нь монгол төмс юм бол. Яаж  ялгаж таних вэ” гэсэн асуулттай байнга тулгарна.

“Монгол шар төмс”, “Борнуурын  төмс”, “Жаргалантын шар төмс”  гэсэн танил дотно сумын нэр, шар өнгө хоёроор тодотгосон  брэнд  төмс олон. Аль нь Хятад, аль нь  Монголынхыг  чөтгөр бүү мэд. Монгол төмс шороо ихтэй, шар өнгөтэй байдаг гэсэн олон жилийн өмнөх тайлбар хуучирчээ. Хятад төмсийг шороонд булдаг, шар өнгө нь чухал биш л гэх. Шар л бол амт чанартай монгол төмс байдаггүй бололтой. Цагаан өнгөтэй хэрнээ монгол төмс гэсэн хаягтай ч байх. Хэрэглэгчдийн олонх урд хөршийн төмс, ногоог хэрэглэхгүй байхыг хичээх болоод  бараг арваад жил өнгөрч байгаа ч өнөөдрийг болтол өргөн сонголтын дундаас хятад, монгол төмсөө ялгахгүй л сууна. 
Шинэ ургацын дээж гарч байгаа сургаар төмсний үнэ хүнсний захуудад 750, томоохон супермаркетуудад 900 төгрөгт хүрч “сагсуурсан”.

Өнгөрсөн бямба гаригт Ялалтын талбайд Төв аймгийн тариаланчид шинэ ургацын дээжээ тавив. Үнэхээр шинэ ургац гэдэг нь харваас андашгүй. Цэв цэвэрхэн,  шив шинэхэн. Төв аймаг хүлэмжийн үйлдвэрлэл, зоорины аж ахуйгаараа улсдаа тэргүүлдэг. Тэгээд ч нийслэлтэй ойрхон учраас улаанбаатарчууд тус аймгийн ногоог илүү амтлах боломтой. Байцаа, хулуу, өргөст хэмх, улаан лооль зэрэг хүлэмжийн 15 төрлийн ногооны дээжээ худалдаанд авчирчээ. Өргөст хэмх, улаан лооль  гэхэд том, жижиг хоёр гурван янзынх байсан.

Шинэ ургацын хүнсний ногооны үнэ харьцангуй хямд. Төмс нэг кг нь 350-400, лууван 400, манжин 500, сонгино 800, байцаа 200, өргөст хэмх 300, чинжүү 1000 төгрөгийн үнэтэй байлаа.
Төв аймгийг нийслэлд үзэсгэлэн худалдаа хийж буй сургаар Сэлэнгийнхэн удахгүй ногооны дээжээ авчирах бололтой. Түүнчлэн ирэх  сарын дундуур ХХААЯ-наас “Мишээл-Экспо”-д бүх ногоочдыг оролцуулсан ургацын баяраа уламжлал ёсоор хийнэ. Ингэхээр 900 төгрөгт хүрч сагсуурч байсан төмсний үнэ навс унаж, хүнсний ногооны ханш тогтворжих боломжтойг уг үзэсгэлэнг сонирхсон албаныхан тэмдэглэж байв.

Төв аймгийн бүх сумынхан энд  оролцох ёстой байсан ч бямба гаригийн үд гэхэд Жаргалантын ногоочид түлхүү ирсэн байв. Гурван өдөр үргэлжлэх учраас зарим оролцогчид замдаа яваа бололтой. Түүнчлэн ургац хураалт эхэлсэн болон ирэх сарын эхний арав хоногийн сүүлчээр огцом хүйтэрнэ гэж Ус, цаг уурын хүрээлэнгээс анхааруулж байгаа учраас ногоочдод борлуулалт хийж мөнгө олох хүсэл их байвч арагшаагаа яарч байна гэсэн хүн цөөнгүй байсан.

Санаандгүй шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаатай таарсан хүн бүр харьцангуй хямд, шинэхэн  ургацын хажуугаар зүгээр өнгөрч төвдөхгүй байлаа. Харамсалтай нь ургацын дээжээ бусдаас түрүүлж нийслэлчүүдэдээ амтлуулах санааг сүвэгчилж чадсан хэрнээ Төв аймгийнхан сурталчилгаагаа  муу хийж, боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадсангүй. Телевизээр зарласан бол Ялалтын талбай хөлд дарагдах л байсан байх.

Эндээс манай ногоочид хөдөлмөрлөж, ургуулж, хурааж авч чадаж байгаа ч  бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэдээ сурталчилж хүргэж чаддаггүй сул тал харагдаж байв. Энэ алдаа хөдөө хөхөрч, гадаа ганддаг ногоочид битги й хэл, нийслэлд тогтмол үйл ажиллагаа явуулдаг мах, сүү зэрэг дотоодын үйлвэрлэгчдийн хийж чадахгүй байгаа зүйл.
 Төв аймгийн Жаргалант сумын “Жинсрэгт хайрхан” компанийн захирал гавьяат механикжуулагч Д.Цэнд –Аюуштай ярилцлаа.

-Цэнд-Аюуш гуай сайхан намаржиж байна уу. Ургац арвин уу?
-Сайхан намаржиж байна. Ургац ер нь гайгүй шүү. Бүр  их гайгүй авахаар  байсан юм. Долдугаар сарын 18-наас арав гаруй хоног аюултай халсан учраас ургац  ялимгүй буурахад хүргэлээ. Газрын хөрсөнд 50 градус хүрч халсан шүү дээ, манай Төв аймагт. Зарим газар тэрнээс ч илүү халсан гэсэн.

-Энд өрсөн ургацаас харахад ч тэр монголчууд төмс, хүнсний ногоог сайн ургуулдаг болжээ. Тэгсэн  хэрнээ хэрэглэгчид өнөөдрийг болтол хятад, монгол төмсөө ялгаж мэдэхгүй байгааг Та юу гэж үзэж байна вэ?
-Үнэхээр чухал асуудал хөндлөө. Нээрээ бид хэрэглэгчдийнхээ чанартай ногоо идэх гэсэн хүслийг харгалзаж төмс, хүнсний ногоогоо чанаржуулахад  анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, хятад үр аль болох хэрэглэхгүй байхыг хичээж байна. Германы үрийг түлхүү хэрэглэж байгаа. Тэр хэрээр ургац чанаржиж буй.

Хамгийн харамсалтай нь ийм чанартай ногоог эх оронд ургуулж чадаж байна. Энэ бол хятад ногооноос ийм ийм онцлог давуу тал, ялгаатай гэдгийг  хэрэглэгчдэд хүргэж чадахгүй байгаа явдал.
Өөрөөр хэлбэл, бид бүтээгдэхүүнээ сурталчилж чадахгүй байна. Яагаад гэвэл, хөдөөнийхөн нэг талаас цаг зав муутай байдаг. Хоёрдугаарт, монгол хүний уужим тэнэгэр зангаар явах юм байна шүү дээ. Хааяа нэг ийм үзэсгэлэнд оролцож борлуулалт хийнэ. Зарим томоохон хүнсний зах, дэлгүүрүүдэд өгнө. Нэг хэсгийг нь ногооны ченжүүд хямд үнээр бөөндөж авна.

Жишээлбэл, манайх төмсний үр үржүүлгийн аж ахуй. “Жаргалантын монгол шар төмс”-ийг брэнд болгосон.  Энэ онд ХХААЯ-ны   төмсний үрийг шинэчлэх зорилгоор  ХБНГ-аас импортолсон гурван сортын үрээс авч, үржүүлж байна. Шинэ төмсний ургалт сайн байгаа. Монгол хүн хурдан моринд хайртай байдгийн адил ногоочин хүн шинэ сортын ургацдаа хамаагүй хүрч болдоггүй.

Ногоочид бүтээгдэхүүнээ сурталчилж, олон түмэнд таниулах талд нэгдэж ажиллах  хэрэгтэй байгаа.
-Одоо жишээ нь та өнөөдрийн зарж байгаа төмснийхөө өмнө онцлог давуу талыг нь харуулсан бичиг хадсан байна л даа. Үүнийг бол хэрэглэгчид сайн уншиж тогтоохгүй.

-Тэр үнэн. Бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэдээ таниулах аргаа олохгүй байна л даа. Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэнтэй хамтраад Германы шинэ сортын төмсний үрийг нутагшуулахаар ажиллаж байна. Төмс шарж хуурах, зууш хийхэд бутардаггүй, өнгө нь хувирдаггүй байх гээд их олон шинж чанартай. Энэ бүхэн нь монгол хөрсөнд ургаж буй төрөл бүрийн сортын төмсөнд агуулагдаж байгаа.

Дэлхий дээр төмсний чанараараа Герман улс эхний байрт жагсдаг. Тийм ч учраас үрээ Германыхаар шинэчлэхэд  голлон анхаар ч байгаа юм. Нэг талаас хэрэглэгчдээ чанартай ногоогоор хангаж, нөгөө талаас үйлдвэрлэгчдээ монгол төмсний үрээр хангахыг зорьж байна.

-Хүмүүс монгол үрийн төмс гэж байдаг юм уу гэж их асуудаг. Монгол төмсний үр гэж үндсэндээ байхгүй гэж хэлж болно.  Би бодохдоо  Герман, Хятад, Орос үрийн төмсийг монгол хөрсөнд ургуулж байгаа гэж ойлгодог?
-Монгол хөрсөнд ургасан хятад үрийн төмсийг, урдаас оруулж ирсэнтэй харьцуулж үзэх юм бол амт чанар, өнгө үзэмжийн хувьд шал өөр. САА гэж байхад нутагшсан Германы “Астила” сортыг монгол төмс гэж хэлж болно.

-Монгол төмсийг яаж таних вэ?
-Гадна талын хальс нь нимгэн байдаг. Зүсэхэд шар өнгөтэй. Гэхдээ үрээсээ шалтгаалаад цагаан ч өнгөтэй байж болно л доо.

Ж.Алтанцэцэг  Төв аймгийн “Хад хөшиг” компанийн захирал. Үзэсгэлэнд дан байцаатай  иржээ. Монгол байцаа импортынхоос  өнгө, хэлбэрээрээ ялгардаг гэнэ. Эртийн болцтой  “Бээжин-11”,  дунд оройн болцтой ОХУ-ын “Белорус” сортын байцааг тарьж ургуулжээ.  “Эртийн болцтой байцаа хэмжээний хувьд дээд тал нь хоёр кг байдаг. Хэрэглэгчид бол дунд зэргийн хэмжээтэй байцааг сонирхдог. Том байцааг ресторан, цайны газрынхан  түлхүү авдаг” хэмээн Алтанцэцэг сонирхууллаа.

Төв аймаг энэ жил 3155 га-д төмс, 1096 га-д хүнсний ногоо, 14400 гаруй га-д үр тариа тариалжээ. Өмнөх оныхоос төмс 6000 гаруй, хүнсний ногоо 2500 тонноор илүү хураахаар байгаа аж.
Шинэ ургацын ногоо шил шилээ даран ирж, ногооны ченжүүдийн үнийн хөөрөгдлийг нэг хэсэгтээ нам дарах нь байна.

И.ОТГОНЖАРГАЛ

GoGo Facebook Хуудас
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 0 Их хариулттай Их таалсан
 
 

САНАЛ АСУУЛГА

Эдийн засгийг өнөөгийн хүндрэлээс нь яаж гаргах вэ?
Нийт 232 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •  
     
  •  
     
  •